Зүүдний тэмдэглэл

зүүд, зөн совин

Бодрол

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Өнгөрсний мэдлэг ой санамж гэдэг нь үйлийн үр юм боловуу

Үзэгдэлийг өөр өөрөөр дүгнээд байгааг харьцангуй гэх юм боловуу

Үнэн худал хосолсон нь энэ хорвоо юм боловуу

Үзтэл бодитой биш байдаг нь ухамсар юм боловуу

Өөрийн бодол зөв гэж зүтгэхийг мунхаг гэхийн боловуудаа.

Бясалгал

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Бодлоос бодлын хооронд өнгөрдөг л хорвоо шүү дээ

Бодлын хоорондох хоосон зайд үлдэх нь бясалгал шүү дээ.

Зовлонгоос гэтлэхүй

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Сэтгэлээ тэгшид баривал зовлон юунд байх вэ
Оюунаа мунхагт баривал зовлон хаа мундах вэ
Зовлонгийн шалтгааныг танивал харанхуйн гайхамшигийг мэдэх
Мунхагийн харанхуйд төөрвөл гэрлийн гайхамшигийг мөрөөсөх
Цагийн уртад зовлон арилдаггүй, нуугддаг
Цаггүй амгаланг мунхагаас гэтэлсэн нэгэн л хүртмүй.

Цаг

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Цаг хугацаа нь ялгамжаа буюу

Ялгамжаа нь ялгавар буюу

Ялгавар нь үзэл буюу

Үзэл нь хүлээс буюу

Хүлээс зовлон буюу

Зовлон нь мунхаг буюу

Ялгамжаагүй нь адил тэгш буюу

Адил тэгш нь үзэлгүй буюу

Үзэлгүй нь амгалан буюу

Амгалан нь нирваан буюу

Нирваан нь цаггүй буюу

Амар амгаланд хүрэх замаас

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Эцэстээ ашиг харж тусыг үйлдвэл энэ нь буян бус наймаа буй заа

Эргэлзэх сэтгэлээ гээлгүй залбирвал энэ нь итгэл бус эцэстээ өөрийгөө хуурч байгаа нь тэр буй заа

Энэрч асарч байгаа мэт байвч эрхэндээ оруулбал энэ нь асрал бус өмчлөл буй заа

Эргэлт буцалтгүй хайрлана гэж хэлэвч болзол тавьбал энэ нь хайр бус шунал буй заа

Эдгээр нь зовлонгийн үр, эс гэтлэхүйн шалтгаан буй заа.

Амар амгаланд хүрэх замаас

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Алдаагаа олж харвал сэхээрэл
Ойлгож хэрэгжүүлбэл ухаарал
Алдаандаа гэмшвэл наманчлал
Алдаагаа давтвал мунхаглал
Алдахгүй гэж тангараглавал сахил
Энэ бүхнээс ангижирвал амар амгалан.

Муугаас ангижархуй

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Мулгуу хүн муугаа мэдэхгүй чалчаа үгтэй

Мунаг хүн хэрээ мэдэхгүй завхай явдалтай

Мунхарсаар мунхарсаар сэтгэл доройтох

Мулгуутсаар мулгуутсаар төрөл доройтох

Мунхагийн харанхуйг ялбал жаргал ирдэг жамтай

Мулгуу гэдгээ ойлговол цэцэн болох нигууртай

Мунхаг хүний дотор харанхуй, бүү нөхөрлө, билиг ухаан доройтно

Мулгуу хүний чих хатуу, үг хэлээд нэмэргүй, цуурай болно

Ийм хүн атаач тул хов хэлнэ, бүү итгэ, эв эеийг гутаана

Ингээд зогсохгүй ой нь гэнэт мууддаг тул бүү асуу, худлаас сэргийл

Уужуу хүний дотор гэрэлтэй түүнтэй нөхөрлө, билиг ухаан дэвжинэ

Ухаант хүний үг хатуу, түүнийг сонс, үнэнд хүргэнэ.

Амар амгаланд хүрэх замаас

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Бусдыг буруутгадаг хүн хөгждөггүй

Өөрийгөө ялладаг хүн хайрладаггүй

Өнгөрсөнд харамсдаг хүн урагшилдаггүй

Ирээдүйд санааширдаг хүн амгалангүй

Амар амгаланд хүрэх зам

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Бусдыг буруутгах
Өөрийгөө яллах
Өнгөрсөнд харамсах
Ирээдүйд санаашрах сэтгэл бүгд
Бясалгал гэгээрэлд садаа
Бодь сэтгэлд ачаа юм

Зүүд

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Зүүд нь энгийн нэгэнд бодлын шуугиан

Шинжигч нэгэнд бие сэтгэлийн толь

Бясалгагч нэгэнд зөн билгийн хэл

Чин зоригт нэгэнд там диваажингийн аялал

Иш үзүүлэгч нэгэнд өнгөрсөн ирээдүйн бошиго

Дээдийн нэгэнд гэгээрэлд хүргэх зам юм.

Айдас

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Айдас нь үхлийг үл зөвшөөрөхөөс 
Үл зөвшөөрөх нь мөнхийг хүсэхээс
Мөнхийг хүсэх нь шуналаас
Шунал нь нисваанисаас
Нисваанис нь мунхагаас
Мунхаг нь харанхуйгаас
Харанхуй нь айдсаас үүднэ.

Үйлийн үр

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Сайн мууг үйлдэх нь үйлийн үрээс болой

Сайн муу явах нь үйлийн дүн болой

Сайхан муухай үзэгдэл нь сэтгэлийн гэмээс болой

Саад бэрхшээл бүхэн нь үйлээ барж буй болой

Сайн муу сэтгэлд бүрэлдвээс сансар бүтмүй

Сайн муу сэтгэл ялгал үгүй болбоос нирваан бүтмүй

Үйлийн үрийг эдэлж бардаггүй, сэрж бардаг

Үхсэний дараах сайн мууг бурхан шүүдэггүй, үйлийн үр шүүдэг.

Амар амгаланд хүрэх замаас

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Заншил хэмээх зарчмаас хагац

Зуршил хэмээх дадлаас хэтийд

Өнгөрсөн ирээдүйд савлах сэтгэлээс сал

Өөрийгөө бусадтай харьцуулахаас сэргийл

Өрөөлөөс ирэх ашгийг бүү хүлээ

Өөрийгөө дээрд ба дорд бүү үз

Өөрийгөө л хайрла хэмээн бүү өмчил

Өширхөн хорсож бүү дайсагна

Өндийн суугаад өөрийгөө ажигла

Өр зүрхэндээ хайрыг мэдэр

Айдсаар хийсэн сонголт бүр буруу

Хайраар хийсэн сонголт бүр зөв

Энд одоод байж өнийн амгаланг олоорой.

Ерөөл тавих нь

2018 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

Аливаа зүйл ээлжтэй

Ам гардаггүй цээртэй

Үйлийн үрийн хуультай

Үхэх төрөхийн жамтай

Үргэлж янзаараа байхгүй

Өөдлөх уруудахын нигууртай

Үргэлж залуугаараа байхгүй

Өвдөж өтлөхийн үнэнтэй

Тэнхлүүн явах үедээ

Тэрмуу энэмуу гэж ялгалгүй

Тэнэгэр уужим зангаар

Тэвчиж уучилж яваарай

Өөдөөс харж инээж

Өнгөрсөний хойно муучлалгүй

Энэ юугаа сонсохов гэж

Элдэв үгээр булалгүй

Эхэнд жудагийг тавьж

Эв найрыг хичээж

Энх амгалан эгнэгт орших болтугай

Мугуйд сэтгэлийг ялж

Мунхагийн харанхуйг ярж

Мундагийн оргилд хүрч

Муу бүхнээс ангижрах болтугай

Буруу зөвийг ялгаж

Буян нүглийг дэнсэлж

Энэ болоод хойд насандаа

Ивээлтэй байх болтугай

Энэ бүх ерөөл бүтэж

Энэрэлт Бурхан бид бүхнийг адислах болтугай.

Үл мэдэх хүйтэн орон руу аялсан тэмдэглэл

2018 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Аялагч зүүдчин, Зүүдчин

 Өчигдөр амралтын өдөр. Астрал хийх боломжтой дуртай өдөр минь. Хэдийгээр нөхөр охин 2 чимээ гаргаж садаа бодлог боловч орчинтойгоо дасан зохицож сурах шаардлагын улмаас сурч байх шиг байна. Биенээсээ сугарч байгаагаа ухамсарлалаа. Биеэ орхихоосоо өмнө өөр рүүгээ эргэж харлаа. Нүдээ анин би унтаж байна. Унтаж байгаа өөрийгөө харсан болохоор төсөөлөл биш гэдэгтээ итгэлтэй болон цонхоор гарлаа.  Энэ удаа нэг их идэвхийлэл хийе гэж бодсонгүй тарни уншин хөвлөө. Ингээд дэмий байжаахаар саарал үүлийг чиглэн хөдөллөө.

Түүнээс дээш нэвтлэн явлаа. Дахиад л хар саарал үүл бүхий орчин түүнээс дээш зунгаарлдсан маягийн саарал орчинг даван нэгэн цонх мэт зүлийн дэргэд тулан зогслоо. Тэрхүү цонх мэт зүйлийг нэвтлэн цааш харвал битүү саарал мөс цасаар хучигдсан орчин харагдлаа. Тэнд цас шуурах  чимээ гарч хэсэг хүмүүс нөмөр бараадах гэж зүтгэх боловч орох газар байхгүй дэмий л  толгодын хормойг бараадан ийтити хэмээн нөмөр хайн гүйлдэнэ. Тэдний нөмөр бараадан зогсох уулын  татаад буй хормойг нэвт харвал цаана нь хаалга байх аж. Хаалга зузаан мөсөөр хучигджээ.

Удалгүй миний хөл доороосоо даарч эхлэв. Яс чөмгөнд хага таших мэт даарах юм. Сонин юмдаа. Өвлийн цаснаар, халуун наран дээр би температурын ялгаа  мэдрээгүй, даараагүй, халууцаагүй. Гэтэл энд хий биеээрээ байгаа мөртлөө яс нэвтэртэл даарах мэт мэдрэмж төрөх юмаа. Дулаацах санаатай  тарнийг олон удаа уншиж эхлэв, мөн үргэлжлүүлээд өөр тарнийг мөн олон удаа уншив. Гэнэт миний өмнөх цонх мэт зүйл бут үсэрлээ. Түүнтэй зэрэгцээд нөгөө хүмүүсийн онгойлгох гэж татах толгодын мөстэй хормой дэлбэрэх мэт зад үсэрч цаад хаалгыг онгойлгон хэсэг хүмүүс гарч одов. Миний өмнөх мөс хайлан онгойсон тул хил заагийг даван мөсөн оронд нэвтэрлээ. Аймшигтай их салхи исгэрч байх мөртөө шуурах цас харагдахгүй. Нүд хүрэх газар саарал хад асга хөлдүү мөс. Тэртээ алсад мөснөөс бүтсэн амьгүй уулс дүнхийнэ. Энд тэндгүй исгэрэх мэт чимээ гарна. Энэ юун газар вэ хэмээвээс ТАМ гэсэн хариу ирэв. Тэртээ алсад дүнхийх уулсын орой дээр очюу гэснээ ухамсарт хэрэггүй гэх команд ирэх шиг. Маш олон үүлэн давхрага цөмлөн ирснээ санаж тэр ууланд очвол буцаж очиж чадахгүй мэт сэтгэгдэл төрлөө. Айдас юмуу, эсхүл тэр ууланд очих зорилго байхгүйдээ тэрүү, эсхүл дэмийдээ гэсэн бодол үйлчилснээс тэрүү яаж биедээ буцах билээ хэмээн эргэцүүлэнгээ бодлын хүчээр биедээ буций гэсэн команд өгч хий биеэ сул тавилаа. Хэсэг хугацааны дараа биедээ орж байгаагаа мэдэрснээр ТАМ дахь аялал дуусав. Биедээ орсон ч буцаж гарч тарнийн дасгал хийлээ. Аялал хийх үед тарни унших дасгал хийх нь маш чухал. Тарнийн хүчийг тэндээс харж болно. 

Архив